Ажил ба цалин

This page was last updated on: 2023-09-03

Доод хэмжээ

Доод хэмжээ нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар зохицуулагдана.  Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд гүйцэтгэж буй ажилтанд төлвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хүн амын амьжиргааны түвшингээс доогуур байх ёсгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дараахь хүчин зүйлийг харгалзан тогтоох буюу өөрчилнө:.хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт;.хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа;.нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ; эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин.

 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтан (нийгмийн түншлэл)-ны  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно.

Үндэсний хороо нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохтой холбогдсон дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

·         хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, шинэчлэх тухай тогтоол гаргах; хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаархи мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх;

·         хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох зорилгоор дэргэдээ хөдөлмөрийн бүтээмж, цалин /хөлс/-гийн асуудлаар мэргэшсэн судлаачдын баг ажиллуулах;

·         хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, мөрдүүлэхтэй холбогдсон аргачлал, зааврыг гаргах.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо дээр заасан хүчин зүйлийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоох бөгөөд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд төлөөлөл бүхий аль нэг тал, эсхүл талууд хамтран гаргаж болно. Улс орныг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хямрал, гамшгийн болон онцгой байдлын нөхцөлд нийтийн эрх ашгийн үүднээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хугацаанд тогтвортой байлгах болон нийгмийн хамгааллын бусад арга хэмжээтэй хослуулан түр хугацаагаар бууруулан мөрдөхөөр гаргасан Засгийн газрын саналын дагуу шинэчлэн тогтоож болно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдлыг ажилтан, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага нь хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүхэд гаргаж болно.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин /хөлс/ олгосны улмаас ажилтанд учирсан хохирлыг ажил олгогч бүрэн нөхөн төлнө.

Хэрвээ ажил олгогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин олгохгүй бол ажилтан хөдөлмөрийн хяналтын байцаагчид гомдол гаргаж болно. 2017 оны хөдөлмөрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хууль зөрчсөн тохиолдолд тавих торгуулийг нэмэхээр тусгасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг төлж чадаагүй тохиолдолд хувь хүнийг 5,000₮-20,000₮-өөр торгодог байсныг 500,000₮-1,000,000₮-өөр, хуулийн этгээдийг 50,000₮-100,000₮-өөр торгодог байсныг 5,000,000₮-10,000,000₮ хүртэл хэмжээний мөнгөөр торгодог болсон.

 Эх сурвалж:  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль (2010)-ийн § 2-8;  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн §48

Цалин хөлс

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу, цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.

Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.  Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс тогтооно. Нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардагдах болон онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн үнэлгээ илүү байна. Хэрвээ Хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгэсэн ажилд нь ногдох хөлс болон үндсэн цалингийн зөрүүг нөхөн олгоно. Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно.

Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно. Нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын гэрээгээр тогтооно. Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно.

Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр, цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно. Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь урьдчилан олгож болно.

Ажилтны цалин хөлснөөс зөвхөн дор дурдсан тохиолдолд суутгал хийж болно: ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан;.хууль тогтоомжид заасан бусад тохиолдол..Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ цалин хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй. Ажилтан нь түүний цалин хөлснөөс суутгал хийх тухай шийдвэр буюу суутгалын хэмжээг эс зөвшөөрвөл гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж болно. Ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана..Ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргана.

Эх сурвалж:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн §47, 49-51, 60-63

Loading...