Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж
Хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжийг ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад, ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед, ажилдаа ирэх, буцах замдаа осолд орсон тохиолдолдуудад олгоно. Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний эсрэг нийгмийн даатгалын сан нь даатгуулагчидад дараах тэтгэмж олгодог: Тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, болон хөдөлмөрийн чадвараа нөхөн сэргээлтийн зардал.
Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.
Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно. Хөдөлмөрийн чадвараа 30, түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна. Хөдөлмөрийн чадвараа 30% -иас бага алдсан бол даатгуулагч тахир дутуугийн тэтгэмжийг 6 сарын хугацаатай буюу эмнэлгийн комиссоос тогтоосон хугацаанд авах эрхтэй.
Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас 12 сар тутамд 1.5 хувиар бодож нэмэгдүүлэн тогтооно.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж болон хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүдийн тооноос хамааруулан тооцож олгоно. Үүнд: хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 3 ба түүнээс дээш бол 100 хувь, хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 2 бол 75 хувь, хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 1 бол 50 хувь тус тус олгоно.
Тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг тахир дутуу хүмүүсийг нас барах хүртэл нь мөн хөдөлмөрийн чадваргүй 19 хүртэлх насны хүүхдэд олгоно. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/ хийлгэх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх рашаан сувилалд эмчлүүлэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (1994)-ийн §3-16