This page was last updated on:
2023-09-03
Цалинтай амралт
Эллжийн амралт эсхүл цалинтай амралт Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Ээлжийн амралт нь үндсэн болон нэмэгдэл хугацаатай. Нэмэгдэл амралтын хугацаа тухайн ажил олгогчид ажилласан хугацаанаас хамаарна. Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны ээлжийн амралтын үндсэн хугацаа 20 ажлын өдөр байдаг. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд нэмэгдэл амралтын хугацаа ажилтны ажилласан 6 дахь жилээс эхэлдэг. Дор дурдсан нэмэгдэл амралт олгоно:
- 6-10 жилд ажлын 3 өдөр;
- 11-15 жилд ажлын 5 өдөр;
- 16-20 жилд ажлын 7 өдөр;
- 21-25 жилд ажлын 9 өдөр;
- 26-31 жилд ажлын 11 өдөр;
- 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдөр.
Хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан ажилтанд үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно:
6-10 жилд ажлын 5, түүнээс дээш өдөр;
- 11-15 жилд ажлын 7, түүнээс дээш өдөр;
- 16-20 жилд ажлын 9, түүнээс дээш өдөр;
- 21-25 жилд ажлын 12, түүнээс дээш өдөр;
- 26-31 жилд ажлын 15, түүнээс дээш өдөр;
- 32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдөр.
Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно. Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно.
Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна. Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.
Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн §55, 79, 80
Нийтээр амрах баярын өдрүүд
Хөдөлмөрийн тухай хуулиар нийтээр амрах дараах өдрүүд байдаг: Шинэ жил: нэгдүгээр сарын 1; Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3; Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8; Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1; Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15; .Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1; Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арван хоёрдугаар сарын 29; Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгоно.
Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн §52, 76
Долоо хоногийн амралтын өдрүүд
Хөдөлмөрийн тухай хуулиар долоо хоногийн амралтын өдөр 2 байхаар тогтоосон. Бямба, Ням гаригт нийтээр амарна. Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан Бямба, Ням гаригт амрах боломжгүй ажилтныг долоо хоногийн өөр дараалсан хоёр өдөр амруулна. Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно.
Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаараа завсарлага эхлэх, дуусах цагийг тогтооно. Ажилтанд амарч, хооллоход нь зориулан завсарлага олгоно. Ажил, үүргийн онцлогоос шалтгаалан завсарлах боломжгүй ажилтай ажилтныг ажил олгогч хооллох бололцоогоор хангана. Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна.
Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн §70, 75,77