Нийгмийн аюулгүй байдал,даатгал

This page was last updated on: 2023-09-03

Тэтгэврийн эрх

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь өндөр насны тэтгэвэр олгохтой холбогдох харилцааг зохицуулна. Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол 50 насандаа өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно. Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.

Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /цаашид "хөдөлмөрийн баталгаат хөлс" гэх/-ний 75 хувиас хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байна.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994)-ийн §3-6, 22-28

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

  • хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна;
  • хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 19 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү;
  • тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах,эгч, дүү;
  • эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр,нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг,эмэг эх, төрсөн ах, эгч, дүү;
  • найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

Тэжээгч нь нас барсан бөгөөд өөр төрлийн тэтгэвэр авдаггүй тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хугацаанд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгож болно.

Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээг хөдөлмөрийн чадваргүй 1 хүнд хөдөлмөрийн баталгаат хөлсний 50 хувиар, 2 хүнд 75 хувиар, 3 ба түүнээс дээш хүнд 100 хувиар тус тус тогтооно. Харин тэжээгчээ алдсаны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас багагүй байна.

Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1,О хувиар бодож нэмэгдүүлнэ.

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994)-ийн §12-16

Тахир дутуугийн тэтгэмж

Тахир дутуугийн тэтгэмж нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулиар зохицуулагдана. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5-н жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Хэрэв даатгуулагч дээрх нөхцөлийг хангаагүй боловч нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

Тахир дутуу болсныг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хагас /хэсэгчлэн/ алдсан гэж ангилна. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно. Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэврийг, өндөр насны тэтгэвэрийн хэмжээтэй адил тогтооно.

Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэврийг хөлсийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно. Тахир дутуугийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй, тахир дутуугийн хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээтэй тус тус адил байна.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994)-ийн 7-11

Loading...