Нөхөн Олговор ба Ажиллах Цаг

This page was last updated on: 2023-09-03

Илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс

Ажлын цаг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна. Хөдөлмөрийн хуулиар Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэж болохыг зөвшөөрсөн.

Ажлын цагийг дараах тохиолдлуудад богиносгоно:

  1. Долоо хоногийн ажлын цаг нь 15 насны ажилтанд 30 цаг хүртэл, 16-17 насны болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд 36 цаг хүртэл байна.
  2. Хөдөлмөрийн стандарт болон мэргэжлийн байгууллагаас хийсэн үнэлгээг баримтлан ажлын байрны хэвийн бус нөхцөлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол ажил олгогч нь түүнийг үндэслэн ажилтны ажлын цагийг богиносгох үүрэгтэй.
  3. Ажилтны ажлын цагийг эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу богиносгоно.
  4. Үйлдвэрлэл дээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан ажилтны ажлын цагийг суралцаж байх хугацаанд нь ажил олгогч богиносгох үүрэгтэй.
  5. Тахир дутуу болон одой хүний гүйцэтгэж байгаа ажлын шинж байдлаас хамааран ажилтны саналыг харгалзан ажлын цагийг богиносгож болно.

15 настай насанд хүрээгүй ажилтны долоо хоногийн ажлын хамгийн их цаг нь 30 цаг байна. 16-17 насны насанд хүрээгүй ажилтнууд болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын долоо хоногийн ажлын хамгийн их цаг нь 36 цаг байна.

Өдрийн ажлын цагийн хязгаар (8 цаг)-аас хэтэрч ажиллавал илүү цагт тооцно. Хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй бол  ажилтан илүү цагаар ажиллахыг хориглоно. Хамтын болон хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй бол дор дурдсанаас бусад тохиолдолд ажилтныг ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно:

  1. улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;
  2. гамшиг, аюулт үзэгдэл, ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;
  3. нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
  4. урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх.

Хөдөлмөрийн хуулиар ажил олгогч ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно.

Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.  Нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна. Ажил олгогч илүү цагаар ажилласан ажилтанд хөлс олгохын оронд биеэр амрах сонголтыг өгч болно.

Эх сурвалж:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн  §53, 71, 73, 74, 107

Шөнийн цагаар ажилласны нэмэгдэл

Хөдөлмөрийн тухай хуулиар орон нутгийн цагаар 22:00-06:00  хүртэлх хугацааг шөнийн цагт тооцохоор тогтоосон.  Шөнө ажилласан ажилтан шөнийн цаг ажилласны нэмэгдэл хөлс авна. Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, найм хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.

Эх сурвалж:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн  §50, 54, 72, 102

Ажил, амралтын цаг

Хөдөлмөрийн тухай хуулиар долоо хоногийн амралтын өдрүүд болоод нийтээр амрах баярын өдрүүдийг хуульчилж өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулиар дараах тохиолдолд долоо хоногийн амралтын болоод нийтээр амрах баярын өдрүүдээр ажиллуулахыг зөвшөөрсөн байдаг:

  1. улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;
  2. гамшиг, аюулт үзэгдэл, ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;
  3. нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
  4. урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх.

Дээрх тохиолдлуудад, ажилтны амралтыг биеэр эдлүүлнэ.  Биеэр эдлүүлээгүй тохиолдолд, ажилтан ажилласан цагийнхаа хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж авна. Дээрх шаардлагатай тохиолдлуудаас гадна Ажил олгогч ажилтантай тохиролцсоноор нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулж болно. Энэ тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл амралтыг ээлжийн амралттай нь хамтатган олгож болно.

Насанд хүрээгүй хүүхдийг амралтын өдрүүдээр ажиллуулахыг хориглодог.

Эх сурвалж:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн  §53, 74, 78, 110

Нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс

Хөдөлмөрийн тухай хуулиар нийтээр амрах баярын өдөр  болон долоо хоногийн амралтын өдрөөр ажилласан ажилтныг нөхөн амруулахыг зөвшөөрдөг. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгоно. долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.

Эх сурвалж:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн  §52, 53, 74, 78

Loading...